Нүүр хуудас

2015 оныг “Ахлагчийн жил” болгосонтой холбогдуулан ахлагч нар өөрсдийн санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт нэгдэн, Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан дунд гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Улаанбаатар цэргийн хүрээний 10 гаруй анги, байгууллагын 300 гаруй ахлагч оролцсон энэ ажлыг ЗХЖШ-ын Тэргүүн ахлагч Д.Оюунболд, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын ахлагч С.Одонбаяр нар удирдан явуулсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригуун нарын албаны хүмүүс ирж, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын энэхүү санаачилгыг дэмжиж, талархаж буйгаа илэрхийлж байв. Ахлагч нар Дунд голын гүүр орчмоос, “Говь” хувьцаат компани хүртэлх хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд мөн өдөр Налайх цэргийн хүрээний ангиудын ахлагч нар Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж, нийслэлчүүдэд үлгэр дуурайл болов.

Г.БААТАРНУМ

 

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш-тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман Улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, М.Бат-Орших, Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнуулсан байна. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулжээ.

Тэмцээнд АНУ, БНФУ, ИБУИНВУ зэрэг есөн орны Зэвсэгт хүчин, хүчний бусад байгууллагын тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 29 баг оролцсон бөгөөд манай алба хаагчид 17 км газарт усан саад, шалган нэвтрүүлэх цэгийн хамгаалалт, халдлагад өртсөн хүмүүсийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гадаад орны цэргийн зэвсэг техник, дүрэмт хувцасыг таних, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах зэрэг нийт 17 сорилыг амжилттай гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад, Бундесверт суралцаж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид  өнгөрсөн онд олон улсын цэргийн марш-тактикийн 28 дахь удаагийн тэмцээнд оролцож “Шилдэг баг”-ийн цомоор шагнуулж байжээ.

 

2015 оны нэгдүгээр ээлжээр Цэргийн албанд татагдсан дайчид энэ сарын 13-ны өдөр цэргийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон орон нутгийн удирдлага, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн оролцов.

 

            УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Унгар Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадарийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Акош Мадари Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд  хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээсэнд тань баяр хүргэе.  Түүхэн хэлхээ  холбоотой  Унгар улстай  монголчуудын  харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад таны үүрэг их бий” хэмээн онцлов. 2013 онд Монгол Улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж байсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд их түлхэц өгсөн баримт бичиг болсныг талууд уулзалтын үеэр тодотгож байлаа.

 

 

Цэргийн цол, чимэг олгодог Бүх цэргийн наадамд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харьяа аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх зодоглосноос “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Л.Батзориг түрүүлж, Цэргийн арслан цол хүртсэн бол “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт “Алдар” спорт хорооны бөх аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгарсан юм.  Түүнчлэн дунд шөвөгт “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан Д.Тамир, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн начин Х.Гантулга, “Соёмбо” спорт хорооны  бөх, сумын заан Г.Биндэръяа, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Д.Цэрэнтогтох нар үлдэж, Д.Тамир, Х.Гантулга нар чимэг нэмж, Г.Биндэръяа, Д.Цэрэнтогтох нар Цэргийн начин цолны эзэд болов. Ийнхүү 2015 оны “Бүх цэргийн наадам”-аас Цэргийн арслан цолтон нэг, Цэргийн начин цолтон 2 төрөн гарч, таван бөх шөвгөрч чимэг нэмлээ.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер