Нүүр хуудас

            Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах яам, АНУ-ын Рамсфелд сан, Монголын бизнес хөгжлийн холбоо, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй “КАМКА-2015” чуулганыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулна.  Чуулганы талаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдыг хүлээн авч уулзахдаа  санал  солилцлоо. “КАМКА-2015” чуулганд Монгол, АНУ, Армян, Афганистан, Гүрж, Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг тус бүс нутгийн орнуудын 100 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд энэ үеэр эдийн засаг, улс төрийн талаар ярилцахаас гадна Монголын ардчиллын туршлагыг бусад орнууд судлах аж. Мөн гадаад худалдаа, тэр дундаа Монголын экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, гадаад бодлогын талаар хэлэлцэх аж.

 

Батлан хамгаалах салбарын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр болон “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчийн орон сууц” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БХЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт хоёр талыг төлөөлөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон  Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурсан юм. Цэргийн алба хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах, өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд санамж бичгийн гол зорилго оршиж байгаа юм. Мөн Төрийн орон сууцны корпораци болон төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах барилга инженерийн ангиудтай хамтран ажиллах аж.  Түүнчлэн “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд хуваарилахаар тохирсноос гадна “Эко шинэ яармаг”, VII хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд цэргийн алба хаагчдын хотхон, байрууд байгуулах, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн орон сууцнаас Зэвсэгт хүчний анги, салбар байрлах аймгуудад баригдаж буй орон сууцнаас цэргийн алба хаагчдад хуваарилахаар төлөвлөжээ.

 

ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлч манай улсад айлчлан тоглох гэж байгаа билээ. Тэд энэ сарын 28-ны өдөр 10 цагт Соёлын төв өргөөнд, 7 дугаар сарын 1-ний өдрийн 14 цагт Дархан хотын Залуучууд театрт, 3-ны өдрийн 11 цагт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Соёлын төвд тус тус тоглолтоо толилуулах аж.

 

Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 66 их, дээд сургуулийн 1000 шахам оюутан хамрагдаж байгаа юм. Тэдэнд хоёр сарын турш долоо хоног бүрийн бямба, ням гаригт “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу заажээ. Оюутан цэргүүд дараагийн шатны бэлтгэл болох цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтдаа хамрагдахаар Зэвсэгт хүчний шинэ дайчдын Сургалтын төвийг зорилоо. Тэд энэ сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хээрийн бэлтгэлд гарах бөгөөд наймдугаар сарын 15-нд цэргийн тангараг өргөнө.

 

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тактикийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтойг тэмцээний нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ тодотгосон юм. Мөн монгол цэргийг дэлхийд таниулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэг илрэл гэдгийг ч онцолж байлаа. 

Дэлгэрэнгүй...

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер