Нүүр хуудас

 

 

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулнаа Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэв. Хоёр жил тутамд болдог энэхүү гүн хүндэтгэлтэй арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын төр, цэргийн дээд удирдлага, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгууллагын дарга, захирагч нар, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг бусад байгууллагын удирдлага, алба хаагчид оролцсон юм. Агуйт уулын оройд аясын салхи сэвэлзэж, зүүнээс мандсан наран тааламжтайяа ээхүй цаг дор морин цаг ташралдаж, Бүх цэргийн Их Хар сүлдний дөрөв дэх их сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг ёс жаягаа гүйцэлдүүлэхэд цугласан олон өвдөглөн сүсэглэж, Их сүлдэч Бүх цэргийн Их Хар сүлдийн өчгийг айлдав. Тэртээх Xlll зууны түүх шашдирыг сөхвөөс их эзэн Чингис хаан аян дайнд мордохын өмнө хараа ихт Хар сүлдээ догшруулдаг байжээ. Харин өнөөгийн Бүх цэргийн Их Хар сүлдийг “Монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн” хэмээн хуульчлан заажээ. Ер нь Догшин Их Хар сүлдийг энх цагт цэнгүүлж, дайны цагт догшруулдаг уламжлал тогтжээ.

Дэлгэрэнгүй...

 

 

 

 

Зэвсэгт хүчний 120, 311 дүгээр ангийн Спорт заал, Соёлын төвийн цогцолбор барилгыг ашиглалтад хүлээн авах ёслол боллоо. Богино хугацаанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн цогцолборыг хурандаа Ж.Баатарзориг захирагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн инженер техникийн ажилтан, барилгачин дайчид хийж гүйцэтгэжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа П.Жаргалан, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Барилга, орон сууц төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Баянжаргал нарын албаны хүмүүс оролцсон юм. Бригадын генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ, ЗХЖШ-аас сүүлийн жилүүдэд эхлүүлсэн дорвитой ажлуудыг тодорхой жишээ баримттайгаар дурдаад, өнөөдөр ашиглалтад өгч байгаа ийм хэмжээний барилгыг Зэвсэгт хүчний ангиудад бариулахад Батлан хамгаалахын дэд сайд санаачилгатай ажиллаж буйг онцолж байв.

            Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах салбарт Биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай сайдын тушаал хоёр жилийн өмнө гарсан. Энэ тушаалын дагуу миний биеэр ахлуулсан ажлын хэсэг томилогдсон юм. Ажил чамлахааргүй өрнөж байгаа. Цаашид ч энэ ажил улам далайцтай явагдана. Бүх анги, салбар спорт цогцолбортой болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хамгийн гол нь спорт цогцолбороо үр дүнтэй, ариг гамтай ашиглаж, бусдад үлгэр дууриал болж, спортын өндөр амжилт гаргаарай” гэлээ. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн спорт заалны нээлтийн ажиллагааны үеэр савлуурт эргэх, модон моринд харайх үзүүлэх тоглолт явагдаж, БХЯ, ЗХЖШ, 311 дүгээр ангиудын баг тамирчид оролцсон гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн явагдлаа. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан мөн хугацаанд 326 дугаар ангийн сантехник, дулаан, цэвэр усны 2000 метр газрын шугамыг шинэчилсэний зэрэгцээ 120 дугаар ангид 570 метр газрын дулаан, цэвэр усны шугамыг сольжээ. Мөн хүн эмнэлгийн байр, гал тогоонд ариун цэврийн өрөө суурилуулж, улмаар халуун устай болгож, бохирын шугамын иж бүрэн засварыг хийжээ. Мөн өдөр бэлтгэл хурандаа Л.Төмөр даргатай тус ангийн Ахмадын хорооныхны тохижуулсан “Артиллерчдын түүхэн замналын музей”-н нээлт болж, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа П.Жаргалан Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат нар оролцлоо.

 

          Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар хошууч генерал Д.Даваа томилогдлоо. Түүнчлэн ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаалаа. ЗХЖШ-ын шинэ даргыг томилж, Жанжин туг хүлээлцэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ, ЗХЖШ-ын өмнөх даргын хийж бүтээсэн ажил, идэвх зүтгэлийг өндрөөр үнэлсний зэрэгцээ ЗХЖШ-ын даргаар томилогдсон хошууч генерал Д.Даваад ажлын амжилт хүсч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өглөө.

 

Жил бүр олон орны цэргийнхнийг даллан дууддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага гараанаас гарлаа.  Энэ жил өмнөх жилүүдээс олон буюу 23 орны 1200 гаруй энхийг сахиулагчид Таван толгойн хөндийд хуран цугларчээ. 6 дугаар сарын 20-нд болсон сургуулийн нээлтэд оролцсон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  “Тус сургалт дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж бүс нутгийн хэмжээний  нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье” гэж хэллээ.

Сургуулийн хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр байна.  Бүгд найрамдах Чех улсаас 25 хүний бүрэлдэхүүнтэй салаа анх удаа Европ тивийг төлөөлөн оролцож байгаагаас гадна БНХАУ, Филиппин, Япон улсын салаад анх удаа оролцож байгаа нь энэ удаагийн сургуулийн томоохон онцлог ажээ. Өмнөх жилийн оролцогч Тажикстаны салаа ч энхийг сахиулагчдын жагсаалыг цэнхэр дуулга, десант хувцасаараа чимж харагдсан.

ЗХЖШ-ын даргаар томилогдоод удаагүй хошууч генерал Д.Даваа арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “Орон орны шилдэг энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа хуримтлуулсан энхийг сахиулах ажиллагааны арга техникүүдийг харилцан бие биедээ зааж сурган, туршлага, мэдлэгээ хуваалцах өргөн боломжийг бүрдүүлж байдгаараа “Khaan Quest” сургалт, дадлага онцгой ач холбогдолтой” гэж онцлон дурдав.

Жил бүр Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал болон Хуурай замын цэргийн командлал ээлжлэн тус сургуулийг хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал үндсэн зохион байгуулагчаар оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын цэргийн алба хаагчид оролцогчийн статустай оролцож байгаа ажээ.

АНУ-ын Номхон далай дахь Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони энэ чухал сургалт дадлагыг эх орондоо амжилттай зохион байгуулдаг Монгол Улсын Зэвсэгт хүчинд талархал илэрхийлээд “Бидний амьдарч байгаа дэлхий маш олон боломж, итгэл найдварыг бидэнд өгдөг хэдий ч бас үргэлж өөрчлөгдөж аюул болгоомжлолыг дагуулж байдаг. Ховор ур чадвар эзэмшсэн, чин зоригтой хүмүүсийн үйл ажиллагаагаар энэ итгэл найдвар тэтгэгдэж, боломж баталгаажиж байдаг” гэж “Khaan Quest” сургалт дадлагын ач холбогдлыг өндөр үнэллээ. 

Олон улсын цэргийн алба хаагчид төрөл бүрийн зэвсэг техниктэй танилцах, харилцан туршлага солилцож сургалтын 7 цэгт суралцах ажээ. Монголын цэлмэг тэнгэр дор нэг зорилгод нэгдсэн орон орны цэнхэр дуулгатнуудын нөхөрлөл даян дэлхийд энхийг бэхжүүлэх эрхэм үйлсэд уриа дуудлага болох нь дамжиггүй.

 

Монгол цэргийн музей,  “Монгол хурандаа” нийгэмлэг,  “Баатруудын хүүхдүүдийн  холбоо” ТББ хамтран  Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд “Монгол Улсын Баатрууд” буланг нээн тохижууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын, ЗХУ-ын баатар, сансарын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, БХЭШХ-ийн захирал, хошууч генерал О.Үржин, “Баатруудын хүүхдүүдийн холбоо” ТТБ-ын тэргүүн, БНМАУ-ын баатар Данзанваанчигийн  том хүү, УГЗ Д.Ухнаа, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч. бригадын генерал Л.Онцгойбаяр, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа болон баатруудын үр хүүхэд, ач зээ нар оролцлоо.

          Монголы цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа энэ үеэр хэлсэн үгэндээ, “Энэ булан Монгол Улсын баатруудын үр хүүхдүүдэд хадгалагдаж байгаа баатруудын эд  зүйлсээр цаашид улам арвижиж, Баатруудын танхим болно” гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов. Дашрамд сонирхуулахад анхны баатар цолыг 1936 онд  Ш.Гонгор хүртэж байсан бол хамгийн сүүлд П.Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол олгожээ.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер