Нүүр хуудас

 

       Таван толгойд цэргийн мэргэжлийн “олимп” гараанаас гарч буудлага, цэргийн гурван төрөлтийн тэмцээн болж, оны аварга офицер шалгаруулах болон марш тактикийн айсуй тэмцээнд ангиуд “торгон ир”-ээ суулгаж байна. Буудлагын тэмцээн урьд өмнөх шигээ өрсөлдөөнтэй болж, автоматын төрөлд ахлагч Т.Цогт-Эрдэнэ, Г.Уранбилэг (310), гар буунд дэд хурандаа Д.Баттөмөр (310), ахмад Ё.Амгалан (032), СВД-д Энх-Амар (311), гар бууны хурдан буудлагад хошууч К.Баярхүү (011), У.Олоннаст (089) нар мэргэнээр шалгарчээ.

            Буудлагын бүх алтын талыг нь “цуглуулсан” 310 дугаар ангийнхан баяртай байна. Цэргийн 3 төрөлтийн тэмцээнд хошууч С.Баттулга (084), Н.Бат-Эрдэнэ (330), хошууч Энхбат (БХИС) ахлагчтай багууд эхний байруудыг эзэлжээ. Манай сонины дугаар үйлдвэрт шилжих үед оны аваргын төлөө офицерууд гарааны өмнөх шалгаруулалтад орж, дараа өдөр нь эмэгтэй тасгууд гараанаас гарч, байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаад шил даран Таван толгойн траст хурд, хүчээ сорино.

Дэлгэрэнгүй...

 

Дэлхийн ll дайны ялалтын 66 жилийн ойн баярын өдөр дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэж, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга,  Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Цэргийн атташе нар болон ахмад дайчид  оролцлоо. Мөн өдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

            НҮБ-ын Энхийг дэмжих болон Олон Улсын Цэргийн ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдыг бие бялдрын болон сэтгэл зүйн нөхөн сэргээх амралт, сувилалд хамруулж байхыг  ЗХЖШ, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулахыг ЗХКТГ, нөхөн сэргээх, сувилах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ зэрэг байгууллагуудын удирдлагад даалгасан Батлан хамгаалахын сайдын тушаал гарчээ.

 

            Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, НҮБ-ын “Энхийг сахиулагчдын Олон улсын өдөр”-ийг энэ сарын 29-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд БХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчдын болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түрүүч, байлдагч нарын жагсаалын үзүүлэх тоглолт болно. Мөн БХИС-ийн ЦХС-ийн хөгжимчдийн тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй офицер, ахлагч нарын, 084 дүгээр ангийн офицер, ахлагч нарын гардан тулааны үзүүлэх тоглолт, шүхрийн буулт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг ард түмэндээ сонирхуулна. Түүнчлэн Афганистаны Цэргийн багийнханд төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээ болно.

 

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд НҮБ-ын Цэргийн ажиглагчийн дамжаа хичээллэж байна. Гадаадын 18 сонсогч хүрэлцэн ирсэн эл дамжаанд Тайланд, Камбож, Индонез, Бангладеш, Непал, Монголын офицерууд оролцож, Өмнөд Африк, Урагвай, Непал, Англи улсаас ирсэн туршлагатай багш нар Монгол офицеруудтай хамтран хичээл зааж байна. Эхний хоёр долоо хоногт онолын болон танхимын сургалт явагдаж, сүүлийн долоо хоногт дадлагын хичээл хийхээр төлөвлөсөн аж. “НҮБ-ын стандартыг хангах сургалт явуулах материаллаг баазтай болсон. Өөрийн цэргийн ажиглагч нараа эх орондоо бэлтгэж, Зэвсэгт хүчнээ давхар сурталчилж байгаа зэрэг ач холбогдол өндөр байна” гэж хошууч Р.Энхболд ярилаа.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер