Нүүр хуудас

            “Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жилээс жилд өрсөлдөөнтэй болж, энэ хэрээрээ Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг бодитоор илтгэн харуулдаг. 2015 оны марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын удирдлага, тэмцээний шүүгчид, Зэвсэгт хүчний ангиудын удирдлага, баг, тамирчид оролцлоо.

            Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорихоор Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагч өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний хувьд оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн зэрэг онцлогтой  аж.

Амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний баг, тамирчдыг төлөөлөн оролцоно.

            Марш тактикийн тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй буюу байнгын бүрэлдэхүүний салааны тэмцээнд 12 ангийн салаа өрсөлдөж байгаа бөгөөд чухам аль ангийн салаа түрүүлэх нь таавар хэвээрээ байна. Олны амнаас 150, 330, 084 дүгээр ангиудын нэр илүүтэй сонсогдож байгаа хэдий ч битүү морьд дээгүүр давхиж, бүр өнгөнд гарч ирдэг тохиолдол бий шүү дээ. Тэмцээний нэр хүнд, ач холбогдол өсөхийн хэрээр офицер, ахлагч нарын чармайлт улам эрчлэгдэж, бэлтгэл сургуулилтыг чамбайруулсан нь гарааны өмнөх ажиллагаанаас л мэдрэгдэж байна. Таван толгойн аглаг толгодын дунд сар гаруй байрлаж, уяа сойлго нь таарсан морьд шиг жавхайсан офицер, ахлагч нарын тэр нь, энэ нь гэхэд үнэхээр хэлж, оноох боломжгүй байгаа нь Зэвсэгт хүчний хэмжээнд марш тактикийн тэмцээнд ямар их ач холбогдол өгч, ангийн захирагч, удирдлага, дасгалжуулагчид хичнээн их хүч хөдөлмөр зарцуулан тамирчдаа бэлтгэсэн нь илэрхий харагдана. Байнгын бүрэлдэхүүний салаадын өрсөлдөөн Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийн үр дүнг тод томруун, ил тод илэрхийлдэг учраас марш тактикийн тэмцээнийг чимсэн оргил үзүүлэлтүүдийн нэг байдаг юм.

            Зэвсэгт хүчинд алба хааж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд аварга тасаг шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөнийг өрнүүлдэг. Өнөө жилийн марш тактикийн тэмцээнд өрсөлдөж буй тасгуудын гарааны өмнөх ажиллагааг сонирхож байхад эмэгтэй хүнд эрх биш ахадсан гэмээр дасгалуудыг хором мөч бүртэй уралдан гүйцэтгэж байгааг нь цэргийн бүсгүй учраас л энэ шүү дээ гэх бахархах сэтгэл аргагүй төрөх ажээ. Тасгуудын хоорондох өрсөлдөөнд 150, 084, 330, 065 дугаар ангиудын нэр яригдаж байна. 065 дугаар ангийн тасаг бэлтгэлээ сайтар базаасан нь эхний дасгалуудаас харагдаж байв. Энэ жил анх удаагаа оролцож байгаа барилгын цэргийн 017 дугаар ангийн бүсгүйчүүл ч гарааны өмнөх ажиллагааг түүртэлгүй давчихаж байгаа харагдсан шүү. Тангарагт албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд эрчүүдтэй мөр зэрэгцэн оролцож, тэдний дундаас НҮБ-ын цэргийн штаб, ажиглагч офицерын албанд хүрч чадсан нь үнэхээр тэмдэглүүштэй ахиц, дэвшил юм. Энэ ч утгаараа эмэгтэй цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа нь марш тактикийн тэмцээний үзүүштэй өрсөлдөөн болоод удаж байна шүү дээ. Эрчүүдтэй мөр зэрэгцэн цэргийн хөдөлмөрийн амар биш ачааллыг үүрч, үе тэнгийн бүсгүйчүүл нь хараад л халширмаар хүнд бэрх хөдөлмөрт дадаж чадсан эмэгтэйчүүдийн марш тактикийн тасгийн тэмцээний өрсөлдөөн, хүч хөлс дуслуулсан амжилтуудыг тусгайлан сурталчлах нь ач холбогдолтой нь гарцаагүй ээ. Тасгийн өрсөлдөөн жилээс жилд ширүүсч, жигд амжилт үзүүлдэг болсон нь эмэгтэй цэргийн алба хаагчдын сэтгэл зүтгэлийг илтгэн харуулсаар байгааг тэмцээний зарим шүүгчид онцлон дурдаж байсан юм.

            Зэвсэгт хүчний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон гэрээт цэргийн алба хаагчдын дундах аварга тасаг шалгаруулах тэмцээн ч ширүүн өрсөлдөөн дунд явагдсан даа. Гэрээт цэргүүд бол хугацаат албаны цэргүүдээс шат илүү дайчид. Тэд хуаранд хугацаат цэргийн алба хаасан, туршлагатай. Энэ нь ч тэмцээний явцад мэдрэгдэж байсан. Зэвсэгт хүчинд гэрээт цэргийн алба бий болсон цагаас эхлэн тэдний алба хаах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, сургалт дадлагыг эрчимжүүлж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх талаар дээд удирдлагаас анхааран шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр ирсэн, үүний үр дүнд өнөөдөр гэрээт цэргийн алба хаагчдын төлөөлөл Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх хэмжээнд хүртлээ сургагдаж, бэлтгэгдэж байгаа нь цэргийн шинэчлэлийн явц дахь томоохон амжилтуудын нэг гарцаагүй мөн билээ.

            Марш тактикийн тэмцээний сонирхолтой хэсэг нь оны мэргэжлийн аварга офицер, ахлагчийн өрсөлдөөн байдаг. Оны аваргад оролцоно гэдэг тухайн хүн өөрийгөө цэргийн хэргийн болоод бие бялдрын хувьд хэн бэ? гэдгээ нээн харуулдаг, нэг ёсны нээлттэй боломж юм. Оны аваргад нэр нь тодорсон офицерууд зэргийн дундаа үнэхээр л шилдэг нь байдаг. Ная, ерээд оны марш тактикийн тэмцээний оны аваргад нэр нь тодорч, мэргэжлийн ур чадвараараа манлайлагчид Зэвсэгт хүчний ноён нуруу болж яваатай маргах хүн үгүй дээ. Оны аваргаар л өөрийгөө таниулж, цаашдаа өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорсон офицеруудаас л ангийн захирагч, удирдах албан тушаалтан төрдөг нь энэ тэмцээний нэр хүнд, ач холбогдлыг улам өргөдөг. Салаа, рот, батальон захирагчийн төрөл тус бүрт 25-27 шилдэг офицер өрсөлдөж байна. Мөн оны аварга ахлагч шалгаруулах тэмцээнд ч 26 ахлагч өрсөлдсөн юм.

            Хугацаат албаны түрүүч, байлдагч нарын салаадын дундах өрсөлдөөн ч бусад төрлөөс дутахгүй. Цэргийн алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах оргил тэмцээнд өрсөлдөнө гэдэг цэрэг бүрт олддог боломж биш. Ангидаа ялгарч, шилэгдэж байж Таван толгойг зорьдог юм. Өнгөрсөн жил үүнийг тэрлэгч би бээр Ховд аймгийн Манхан суманд сурвалжлах ажлаар явж байхдаа малчин айлд үдэлсэн юм. Гэрийн эзэн хижээл насны эр:

            -Насаараа мал дагаж явна. Би цэргийн алба хааж байхдаа марш тактикийн тэмцээнд оролцсон, манай салаа түрүүлсэн юм. Миний хамгийн том шагнал гээд хоймрын жааз руу заалаа. Дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн гарын үсэгтэй диплом хоймрын жаазыг нь голлон байрлажээ. Ийм л нэр хүндтэй тэмцээнд малчин эр цэргийн алба хаахдаа оролцож, бүр түрүүлж байжээ.

            Таван толгойн Сургалтын нэгдсэн төв уухайн дуугаар амьсгалж, цаг хором бүр амжилт, ялалтыг хадгалан үлдээж байна. Тэмцээний зохион байгуулалт, шүүлтийн талаар оролцогсод ам сайтай байгаа нь шударга үнэлгээ, үр дүн гарахын угтал юм.

            Өнөө жилийн марш тактикийн тэмцээнд өнгөлж, тэргүүлсэн ангиудын нэрс ердөө маргааш тодорно. Тэр талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг дараагийн дугаараас уншаарай!

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

 

 

 

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер