Нүүр хуудас

Энэ сарын 23-ны өглөө агаар, тэнгэр тунчиг тааламжтай, наран авхай цацраг юугаа ээвэрлэж, их эзэн Чингисийн талбайд хуран цугларсан олон хөхүүн хөөрүүн байх нь тодхон. Морин цаг ташралдахуй дор “Анхаараарай, анхаараарай, Улаанбаатараас ярьж байна” хэмээсэн  Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодолын эрдүү цээл хоолой, “Анхаараарай, анхаараарай, Улаанбаатараас үзүүлж байна” хэмээсэн ЦДБЭЧ-ын ССХМ-ийн албаны дарга, Соёлын тэргүүний ажилтан, ахмад Р.Өнөржаргалын эгшиглэнт тунгалаг хоолой Улаанбаатар төдийгүй, улс орон даяар цуурайлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ЗХЖШ, ХХЕГ-тай хамтран “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж буйг хөтлөгчид сонордуулав. “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа ийнхүү эхэлж, Их хүндэтгэлийн хойморт УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар байраа эзлэв.

Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар Батлан хамгаалахын сайдад рапорт өгсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлсэн. Тэрээр “…Энэ арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлдэг, иргэд, цэргийнхний бахархлын өдөр юм. Монголын залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг төлөвшүүлдэг Зэвсэгт хүчнийхэндээ талархлаа илэрхийлж байна” гэж онцолсон. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ өдөр нь эх орныхоо газар шорооны төлөө амь хайргүй тэмцсэн ахмадууд, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дэлхийн тавцнаа дуурсгасан цэргийн алба хаагчдын баярын өдөр билээ. Монгол цэргийн жавхаа нь олон талын ач холбогдолтой бөгөөд цэргийн анги, салбар төдийгүй, нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ” гэдгийг тодотгож байв.

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд тайзнаа гарч ирэхэд эцсийн шалгаруулалтад үлдсэн Зэвсэгт хүчний 016, 084, 150, 311, 326, 353, Хилийн 0151, 0164, 0252 дугаар ангиуд дарааллын дагуу жагсаалын үзүүлэх тоглолтоо толилуулсан. Мөн оролцогч дайчиддаа баяр хүргэж, БХИС-ийн ЦХС-ийн сонсогчид бөмбөртэй үзүүлэх тоглолтоороо бэлэг барьж, ЗХЖШ-ын ҮЖҮНХ, БХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотынхныг шуугиулсан жагсаалын үзүүлэх тоглолтоороо хурсан олны талархлыг хүлээж байсныг тэмдэглэлтэй. Дараа нь ЦДБЭЧ-ын бүжигчид “Цэгцэрсэн жагсаалын жавхаа” бүжгээ сонирхуулж, олны талархлыг хүлээв. Ийнхүү “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шилдгийн шилдгийг шалгаруулах торгон мөчид сайд, дарга нар тайзнаа гарч, уралдааны II шатанд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний 084, Хилийн 0151, 0164, Зэвсэгт хүчний 311, 353 дугаар ангиудын захирагч нарыг Хүндэтгэлийн тавцаны хойморт урьж, Нийслэлийн Засаг даргын талархлыг гардуулсан юм. Уралдааны тусгай байрын шагнал Биеийн тамирын иж бүрдэл хэрэгслийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангид гардуулсан бол Зэвсэгт хүчний 326 дугаар анги III байр, дэд байрыг алдар гавьяаны хошой одонт, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн 016 дугаар анги эзэлсэн юм. Харин тэргүүн байрыг Хилийн 0252 дугаар анги эзэлж, шагнал, Хүндэтгэлийн тугийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар гардуулж баяр хүргэсэн. Эхний байрт шалгарсан ангиудад Биеийн тамирын иж бүрдэл дагалджээ. Ийнхүү “Монгол цэргийн жавхаа-2015” уралдаан Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд 3 дахь жилдээ амжилттай зохиогдож, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатарын командаар уралдааны II шатанд шалгарсан ангиуд, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Москва хотноо оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотноо мөн ялалтын ойд зориулсан жагсаалд оролцсон БХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчдын ёслолын жагсаалаар ёслол төгөлдөр өндөрлөлөө.  “Хойтон жилийн наадам хол байна даа” гэдэг шиг дараа жилийн “Монгол цэргийн жавхаа”-нд даамай оролцох зорилго агуулсан ангиуд олон байгаа нь лавтай.

Г.БААТАРНУМ

 

 

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер