Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ЭНХИЙГ ДАРХЛАХ ЭРДЭМД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ

Жил бүр олон орны цэргийнхнийг даллан дууддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага гараанаас гарлаа.  Энэ жил өмнөх жилүүдээс олон буюу 23 орны 1200 гаруй энхийг сахиулагчид Таван толгойн хөндийд хуран цугларчээ. 6 дугаар сарын 20-нд болсон сургуулийн нээлтэд оролцсон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  “Тус сургалт дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж бүс нутгийн хэмжээний  нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье” гэж хэллээ.

Сургуулийн хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр байна.  Бүгд найрамдах Чех улсаас 25 хүний бүрэлдэхүүнтэй салаа анх удаа Европ тивийг төлөөлөн оролцож байгаагаас гадна БНХАУ, Филиппин, Япон улсын салаад анх удаа оролцож байгаа нь энэ удаагийн сургуулийн томоохон онцлог ажээ. Өмнөх жилийн оролцогч Тажикстаны салаа ч энхийг сахиулагчдын жагсаалыг цэнхэр дуулга, десант хувцасаараа чимж харагдсан.

ЗХЖШ-ын даргаар томилогдоод удаагүй хошууч генерал Д.Даваа арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “Орон орны шилдэг энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа хуримтлуулсан энхийг сахиулах ажиллагааны арга техникүүдийг харилцан бие биедээ зааж сурган, туршлага, мэдлэгээ хуваалцах өргөн боломжийг бүрдүүлж байдгаараа “Khaan Quest” сургалт, дадлага онцгой ач холбогдолтой” гэж онцлон дурдав.

Жил бүр Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал болон Хуурай замын цэргийн командлал ээлжлэн тус сургуулийг хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал үндсэн зохион байгуулагчаар оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын цэргийн алба хаагчид оролцогчийн статустай оролцож байгаа ажээ.

АНУ-ын Номхон далай дахь Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони энэ чухал сургалт дадлагыг эх орондоо амжилттай зохион байгуулдаг Монгол Улсын Зэвсэгт хүчинд талархал илэрхийлээд “Бидний амьдарч байгаа дэлхий маш олон боломж, итгэл найдварыг бидэнд өгдөг хэдий ч бас үргэлж өөрчлөгдөж аюул болгоомжлолыг дагуулж байдаг. Ховор ур чадвар эзэмшсэн, чин зоригтой хүмүүсийн үйл ажиллагаагаар энэ итгэл найдвар тэтгэгдэж, боломж баталгаажиж байдаг” гэж “Khaan Quest” сургалт дадлагын ач холбогдлыг өндөр үнэллээ. 

Олон улсын цэргийн алба хаагчид төрөл бүрийн зэвсэг техниктэй танилцах, харилцан туршлага солилцож сургалтын 7 цэгт суралцах ажээ. Монголын цэлмэг тэнгэр дор нэг зорилгод нэгдсэн орон орны цэнхэр дуулгатнуудын нөхөрлөл даян дэлхийд энхийг бэхжүүлэх эрхэм үйлсэд уриа дуудлага болох нь дамжиггүй.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер