Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл 311, 120 ДУГААР АНГИУД СПОРТЫН ШИНЭ ЗААЛТАЙ БОЛЛОО

 

 

 

Зэвсэгт хүчний 120, 311 дүгээр ангийн Спорт заал, Соёлын төвийн цогцолбор барилгыг ашиглалтад хүлээн авах ёслол боллоо. Богино хугацаанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн цогцолборыг хурандаа Ж.Баатарзориг захирагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн инженер техникийн ажилтан, барилгачин дайчид хийж гүйцэтгэжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа П.Жаргалан, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Барилга, орон сууц төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Баянжаргал нарын албаны хүмүүс оролцсон юм. Бригадын генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ, ЗХЖШ-аас сүүлийн жилүүдэд эхлүүлсэн дорвитой ажлуудыг тодорхой жишээ баримттайгаар дурдаад, өнөөдөр ашиглалтад өгч байгаа ийм хэмжээний барилгыг Зэвсэгт хүчний ангиудад бариулахад Батлан хамгаалахын дэд сайд санаачилгатай ажиллаж буйг онцолж байв.

            Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах салбарт Биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай сайдын тушаал хоёр жилийн өмнө гарсан. Энэ тушаалын дагуу миний биеэр ахлуулсан ажлын хэсэг томилогдсон юм. Ажил чамлахааргүй өрнөж байгаа. Цаашид ч энэ ажил улам далайцтай явагдана. Бүх анги, салбар спорт цогцолбортой болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хамгийн гол нь спорт цогцолбороо үр дүнтэй, ариг гамтай ашиглаж, бусдад үлгэр дууриал болж, спортын өндөр амжилт гаргаарай” гэлээ. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн спорт заалны нээлтийн ажиллагааны үеэр савлуурт эргэх, модон моринд харайх үзүүлэх тоглолт явагдаж, БХЯ, ЗХЖШ, 311 дүгээр ангиудын баг тамирчид оролцсон гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн явагдлаа. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан мөн хугацаанд 326 дугаар ангийн сантехник, дулаан, цэвэр усны 2000 метр газрын шугамыг шинэчилсэний зэрэгцээ 120 дугаар ангид 570 метр газрын дулаан, цэвэр усны шугамыг сольжээ. Мөн хүн эмнэлгийн байр, гал тогоонд ариун цэврийн өрөө суурилуулж, улмаар халуун устай болгож, бохирын шугамын иж бүрэн засварыг хийжээ. Мөн өдөр бэлтгэл хурандаа Л.Төмөр даргатай тус ангийн Ахмадын хорооныхны тохижуулсан “Артиллерчдын түүхэн замналын музей”-н нээлт болж, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа П.Жаргалан Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат нар оролцлоо.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер