Нүүр хуудас Онцлох үйл явдал БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ АГУЙТ УУЛНАА ГУРАВ ДАХЬ УДААГАА ЦЭНГҮҮЛЛЭЭ

 

 

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулнаа Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэв. Хоёр жил тутамд болдог энэхүү гүн хүндэтгэлтэй арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын төр, цэргийн дээд удирдлага, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгууллагын дарга, захирагч нар, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг бусад байгууллагын удирдлага, алба хаагчид оролцсон юм. Агуйт уулын оройд аясын салхи сэвэлзэж, зүүнээс мандсан наран тааламжтайяа ээхүй цаг дор морин цаг ташралдаж, Бүх цэргийн Их Хар сүлдний дөрөв дэх их сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг ёс жаягаа гүйцэлдүүлэхэд цугласан олон өвдөглөн сүсэглэж, Их сүлдэч Бүх цэргийн Их Хар сүлдийн өчгийг айлдав. Тэртээх Xlll зууны түүх шашдирыг сөхвөөс их эзэн Чингис хаан аян дайнд мордохын өмнө хараа ихт Хар сүлдээ догшруулдаг байжээ. Харин өнөөгийн Бүх цэргийн Их Хар сүлдийг “Монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн” хэмээн хуульчлан заажээ. Ер нь Догшин Их Хар сүлдийг энх цагт цэнгүүлж, дайны цагт догшруулдаг уламжлал тогтжээ.

            Их Хар сүлдэч, хошууч генерал Б.Баярмагнай “Довтлон ирэгч дайсны толгойтой болгоныг бөхийлгөж, тойгтой болгоныг сөгдүүлэгч Догшин Хар сүлднээ өчиг өчиж, цацал өргөе” хэмээхэд үнэхээр л толгой бөхийлгөхгүй хэн байхсан билээ гэсэн бодол төрнөм. Дараа нь Улсын мэргэн Б.Баярсайхан тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, зүүн зүгт зэвт сумаа гурвантаа тавьсан. Ийнхүү ёс жаягыг үйлдсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар идээ, будааныхаа дээжид ёс төртэй хүрч, Их Хар сүлдэндээ өргөсөн. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа Их Хар сүлдийн өмнө эх орон, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарагаа уншиж, цэргийн алба хаагчид давтан уншсан юм. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн ахлах ахлагч М.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний ll салаа (330 дугаар анги), дэслэгч Г.Жавхлантөгс захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын l салаа (032 дугаар анги), дэслэгч Л.Саранзаяа захирагчтай Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдын ll тасаг (311 дүгээр анги)-т тус бүр өргөмжлөл, шагналыг нь гардуулсан юм.

 

            Мөн тэргүүн комиссар Р.Чингис даргатай ЦЕГ, бригадын генерал Р.Билэгт даргатай ШШГЕГ, хурандаа Б.Хурц даргатай ТЕГ, хошууч генерал Ш.Лхачинжав даргатай ХХЕГ-ын хамт олонд ЗХЖШ-ын даргын өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулсан.

            Тодруулахуй: Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа зуны дунд сард зохион байгуулдаг уламжлал 1990-ээд оноос тогтжээ. Зөвхөн цэргийнхэн төдийгүй, бүх монголчууд Их Хар сүлдийг бишрэн шүтэх уламжлал олон зууныг дамжсаар 1930 он хүртэл үргэлжилсэн аж. Сүлдийг бөхийлгөх, унагах, дуурайлган хийх, сүлдэчээс өөр хүн гар хүрэхийг цээрлэдэг зэрэг нарийн дэг жаягтай бөгөөд 1992 оноос хойш зөвхөн генерал цолтой хүмүүс сүлдэч хийж иржээ. Тухайлбал, 1992-2002 онд хошууч генерал Б.Шагдар, 2002-2005 онд хошууч генерал М.Борбаатар, 2005-2009 онд хошууч генерал А.Ганбат, 2009 оноос хошууч генерал Б.Баярмагнай Бүх цэргийн Их Хар сүлдэчээр томилогдон өнөөдрийг хүрээд байна.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер