Нүүр хуудас Онцлох үйл явдал “ШАНТИ ПРАЯС-3” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

                Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын “Бирендра” энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд явагдаж буй “Шанти праяс-3” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль 7 дахь өдрөө  үргэлжилж байна. Сургуулийн тухай мэдээллийг дэд хурандаа Р.Энхболд бидэнд ирүүллээ.

Олон улсын сургуулийн үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргүүдийг сургаж бэлтгэх, офицеруудад олон үндэстний штабт ажиллах дадлага чадвар олгох, цэргүүдийн харилцан ажиллагааг сайжруулах, одоо явагдаж буй ажиллагаанд үүсч буй цагийн байдлуудтай уялдуулан сургалтыг бодит байдалд аль болох ойртуулах, ажиллагааны арга техникийг сайжруулах, сургуульд оролцож буй улс орнуудын цэргүүд харилцан туршлага солилцож байгаа нь оролцогч улс орнуудын цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Команд-штабын сургууль хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шатанд багш болон оролцогч офицеруудад 4 хоногийн хугацаатай танхимын хичээл сургалтыг нэгдсэн журмаар явуулсан. Үүний дараа багш нарыг урьдчилан төлөвлөсөн ёсоор ажиллагаа, төлөвлөлт, ар тал, иргэн-цэргийн харилцаа гэсэн 4 хичээлийн цэгт хувааж бүх оролцогч нарыг эдгээр цэгээр хоёр, хоёр хоногийн хугацаатай тойруулж байгаа юм. Мэдээж оперативын түвшинд явагдаж буй команд-штабын сургалтаар олон үндэсний штабт ажиллаж ур чадвараа нэмэгдүүлэх, НҮБ-ын ажиллагааны бүтэц, түүний зохион байгуулалт, ажиллагааны бэлтгэл, төлөвлөлт, цэргийг удирдах арга барил, ар талын хангалтыг хэрхэн зохион байгуулдаг талаар олон хичээлүүд системтэй явагдаж байна.

Салаадын түвшний хээрийн сургуулийг бүслэн нэгжих, явган эргүүл, НҮБ-ын байрын хамгаалалт, шалган нэвтрүүлэх цэг, цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж түгээх цэг, эмнэлэг болон энгийн иргэдийг хамгаалах гэсэн үндсэн 8 цэгээр зохион байгуулж байна. Сургуульд оролцож буй 8 салаа эдгээр цэгүүдээр тойрон сургалт, дадлагад хамрагдаж байгаа юм.

Хичээлийн цэг бүрт 4-6 орноос ирсэн 8 хүртэл тооны сургагч багш нар ажиллаж байгаа ба тэд тухайн хичээлийн цэгийн онцлогт тааруулсан төрөл бүрийн цагийн байдалд салааны захирагч бүрэлдэхүүнээ хэрхэн удирдаж байгаад хяналт тавих үүүрэгтэй юм.  Өнгөрсөн даваа гаригт  Малайзын цэргүүд эмнэлгийн хичээлээр гэмтэж бэртсэн нөхөртөө анхан шатны тусламж үзүүлэх, шархадсан цэргийг зөөх хичээл орж байхад нөгөө талд Киргизстан улсын салаа явган эргүүлийн онолын хичээлд хамрагдан гар хийцийн тэсрэх бөмбөгийг илрүүлэх, устгах арга ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа. Харин ахмад Б.Гансүхийн удирдсан манай улсын салааны бүрэлдэхүүн НҮБ-ын шалган нэвтрүүлэх цэгт явагдсан сургалтад хамрагдсан. Команд-штабын сургууль явагдаж буй байшин, шалган нэвтрүүлэх цэг хоёр хоорондоо ойрхон болохоор нь зориуд очиж өөрийнхөө салааны ажиллагааг харлаа. Сүрлэг сайхан уулсын хормойд орших Балба улсад хавар цаг айлчлан ирж, модод цэцэгс дэлгэрэн байх нь хүйтэн газраас ирсэн монгол хүний хувьд зуныг санагдуулсан халуун өдрүүд байх аж. Гэвч эх нутагтаа бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан манай цэргүүдийн хувьд түүртэх юм үгүй.

Шалган нэвтрүүлэх цэгийг НҮБ-ын хяналтад буй газар нутагт нэвтэрч байгаа орон нутгийн иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд автомашин, явган зорчигчдод үзлэг, нэгжлэг явуулах замаар хууль бус зэвсэг, тэсрэх бөмбөг, бараа материал, хар тамхийг илрүүлэн хурааж авах зорилгоор ажиллуулдаг юм.

Манай цэргүүд уг цэгээр нэвтэрч буй хүн, автомашин нэгжих, НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу энгийн иргэдийг хамгаалах үүргүүдийг заагдсан дүрмийн дагуу сайн биелүүлж харагдана. Тус цэгт Балба, Япон, Монгол, Камбожи, Шинэ Зеландаас ирсэн 8 сургагч багш ажиллаж байсан ба тэд Монгол цэргүүдийн өгөгдсөн цагийн байдалд тохируулан хурдан хариу арга хэмжээ авч байгаа байдал болон гар нийлэмжтэй ажиллагаа нь таалагдаж буйг хэлж байв. Гэхдээ биднээс арай өөр нүдээр харж буй хөндлөнгийн хүний саналыг сонсох зорилгоор тухайн цэгт багшаар ажиллаж байсан Шинэ Зеланд Улсын нисэхийн ахлагч Жое Реганаас өөрийнхөө цэргүүдийн тухай асууж амжив. Тэрээр “Монголын цэргүүд өгөгдсөн цагийн байдалд тохирсон хариу үйлдлийг маш хурдан авч чадаж байна. Салааны захирагчийн орлогч нь (ахлах ахлагч Д.Цогбаяр) туршлагатай ахлагч бололтой салааны захирагчийн өгч буй команд, дохионы дагуу бүрэлдэхүүнээ тун чадварлаг удирдаж байгаа нь надад их таалагдсан. Ерөнхийд нь дүгнэвэл танай салаа НҮБ-ын ямар ч ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой гэдэг нь тодорхой харагдаж байна” гэж байв.

Дутагдалтай зүйл юу байгаа талаар асуувал “Танай салаанд англи хэлний гүнзгий шатны мэдлэгтэй цэргүүд цөөн байгаа бололтой, ер нь аль болох олон хүмүүс ажиллагааны хэлээ сайн сурсан байхад буруудахгүй. Нэгэн зэрэг олон цагийн байдал үүсвэл яах билээ” гэж хариулж байлаа. Энэ асуудал дээр түүнтэй санал нэг байв. Мэдээж сургалт, дадлагыг бодит байдалд ойртуулах, илүү үнэмшилтэй болгоход нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол яах аргагүй дүрд тоглогчдын чадвар байдаг. Эсрэг дүр бүтээхээр томилогдсон Балба улсын эрэгтэй болон эмэгтэй цэргийн алба хаагчид дүрдээ маш сайн орж, цагийн байдлыг улам хөгжүүлэн бодит амьдралд илүү ойртуулж байгааг хараад тэдэнд талархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. “Тайван цагт хөлс их урсвал, дайны цагт цус бага урсана” гэдэг зарчмын дагуу монгол цэргүүд зорилго нэгт бусад орнуудын цэргүүдийн хамтаар хөлсөө урсган суралцаж байна.

 

 

 

 

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер