Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран  “Хөдөлмөр  эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жилийн ажил”-ын хүрээнд “Гэрээт цэргийн алба-Ажлын байр” сэдэвт өдөрлөгийг Зэвсэгт хүчний Соёлын төв Өргөөнд  зохион байгуулсан юм. Өдөрлөгийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал

Б.Баярмагнай, Нийслэлийн засаг даргын l орлогч Б.Баатарзориг, Улаанбаатар хотын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Цогзолмаа, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн нь эл арга хэмжээний ач холбогдлыг тодорхойлж байв. Нийслэлийн Засаг даргын l орлогч Б.Баатарзориг, Батлан хамгаалах салбар залуучуудад хөдөлмөр эрхлэх  боломж   олгож, гэрээт цэргийн албаар ажлын байр гаргаж өгч байгааг сайшаан тэмдэглэсэн. Тэрээр  “Тусгай салаа-2” кинонд зах дээр хоол зардаг байсан Дэндэв цэргийн албанд очоод хэрхэн өсөн дэвжиж буйг тодорхой жишээ болгоод “Өнөөдөр эндээс олон арван Дэндэв төрнө гэдэгт итгэлтэй байна” гэж онцлож байв.

Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, гэрээт цэргийн албанаас ахлагчийн болоод офицерын албанд шилжиж, их, дээд сургуульд орсон залуус цөөнгүй байгаа болон 100 орчим хүн Олон улсын цэргийн гадаад, дотоодын арга хэмжээнд оролцсоныг сонордуулсан.

Мөн өмнө нь гэрээт цэргийн албанд зөвхөн цэргийн алба хаасан залуусыг авдаг байсан бол хуулинд өөрчлөлт оруулснаар их, дээд сургууль төгссөн залуусыг гэрээт цэргийн албанд авдаг болсныг тодруулж байв. Гэрээт цэргийн албаа үлгэр жишээ хааж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн байлдагч Сугар, 014 дүгээр ангийн байлдагч Энхжаргал, 326 дугаар ангийн  дэд түрүүч Төмөрхуяг нарын хэд хэдэн залуусыг мөн өдөр Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнасан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Д.Болдбаатар, Багануур дүүргийн М.Лхагвадорж, Сүхбаатар дүүргийн Т.Лхагвадорж, Баянзүрх дүүргийн О.Нармандах, Чингэлтэй дүүргийн Э.Наранхүү, Налайх дүүргийн Т.Пүрэвсүрэн нарын 10 гаруй залуус гэрээт цэргийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Зэвсэгт хүчний 013, 014, 119, 167 дугаар ангиудад хуваарилагджээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн V хорооноос гэрээт цэргийн албанд ирж, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хуваарилагдсан Н.Энхболдтой уулзлаа.

2008 онд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаагаад барилгын нэгэн компанид ажиллажээ. Улмаар өөрийн хүсэлтээр гэрээт цэргийн албанд явж буй аж. Тэр 2 жил гэрээт цэргийн албаа нэр төртэй хаагаад эргэн ирж, хуримтлуулсан мөнгөөрөө блокны үйлдвэр байгуулна гэж итгэлтэй нь аргагүй ярьж байна. Чухамдаа ажлын байрнаас ажлын байр үүсэж болдгийг эл залуугийн хүсэл, мөрөөдөл батлах буй за!

Дэд хурандаа Г.БААТАРНУМ

 

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 5-р сарын 08, Ням гариг, 06:46)